Sunday, December 27, 2015

Тэмүүлэн Шамбалын орны багш болох Гэрэлээ хэмээх бяцхан охиныг даган алхалаа. Тэрээр урьд өмнө харж байгаагүй гоёмсог бөгөөд чамин хийцтэй өрөө тасалгаагаар дамжин явсаар байшингаас гарав. Шамбалын орон үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Өнгө өнгийн цэцэгс алаглан тансаг үнэр хамар цоргиж, зөөлөн салхи хацар илбэн моддын навчис шаагин сонсогдоно. Тэмүүлэн урьд өмнө хэзээ ч ийм тансаг байгаль харж байгаагүй болохоор өөрийн эрхгүй сэтгэл нь хөдлөн : пөөх, ямар сайхан байгальтай газар вэ?
Гэж дуу алдан хэлэв. Гэрэлээ: Гадаргын хүмүүс та нар байгаль дэлхий хичнээн сайхан тансаг болохыг бараг мартсан байх. Ууг нь дэлхийн гадарга дээр ч гэсэн ийм тансаг байгальтай байсан боловч хүмүүсийн зүй бус байгальтайгаа харьцсанаас болж байгаль, ан амьтад устаж үгүй болж байгаа. Манай шамбалын орон бол байгалиа байнга хайрлан хүндэтгэж явдаг ариун газар. Тийм ч болохоороо бид нарны гэрэл үгүй энэ газар доор шидийн хүчээр хиймэл нар хийж энэхүү сайхан байгалийг тэтгэж байдаг юм.
Гэж их л бардамнан хэллээ. Тэмүүлэн үнэхээр шамбалын орны байгалийг бишрэхийн хирээр шамбалын орны хүмүүсийг бахархаж байлаа. Тусгайлан зассан чулуун замаар тэд явсаар нэгэн мөөг мэт гоёмсог хэлбэртэй барилгын гадаа ирэв. Гэрэлээ: За энэ бол манай шамбалын орны дунд сургууль. Гадаргын хүмүүс та нарт зориулсан тусгай анги нээсэн болохоор чи манай шамбалын орны хүүхдүүдтэй нэг ангид суухгүй. Одоо ангийг чинь чамд үзүүлье.
Гэж хэлээд Тэмүүлэнг дагуулан сургууль руу орон цааш явлаа. Сургууль дотор бага насны хүүхдүүд гүйлдэх бөгөөд ихэнхи нь 14-с доош насны гэмээр жижигхэн байлаа. Тэмүүлэн сониуч зандаа хөтлөгдөн: Танай шамбалын орны дунд сургуулийг хэдэн настайдаа төгсдөг юм бэ?
Гэрэлээ: Дунд сургуулийг төгсөхөд насны зааг гэж байхгүй. Хэн эцсийн шалгалтандаа тэнцэнэ тэр л цаашаагаа их сургуульд ордог юм. Ер 15 настай дунд сургуулийн сурагч гэж байхгүй. Тийм авъяасгүй сурагчид 100 жилд нэг л тохиолддог юм.
Гэж их л дооглонгуй хэлээд цааш алхав. Тэд удалгүй нэгэн хаалганы өмнө ирсэн бөгөөд хаалган дээр нь хөгшчүүдийн анги гэж бичээд халзан толгойтой шүдгүй хүний дүрс хэн нэгэн дүрсгүй хүүхэд бичсэн байх нь харагдлаа. Түүнийг харан тэмүүлэн ингээд л хамгийн хөгшин сурагч болдог юм байждээ гэж бодон урвуу царайлсаар ангийн хаалгаар алхан орлоо. Гэтэл тэнд өөрийнх нь үеийн гэмээр хэдэн залуус сууж байв. Гэрэлээ Тэмүүлэнг дагуулан ангид ороод: За өнөөдөр манай ангид нэг шинэ хүүхэд хүрч ирлээ. Тэмүүлэн өөрийгөө ангийнхандаа танилцуулна уу.
Тэмүүлэн гэнэт өөрийгөө танилцуулах болсондоо ихэд сандран: Н-намайг Тэмүүлэн гэдэг. Өнөөдрөөс та бүхэнтэй цуг суралцах юм шиг байна.
Гэж хэлтэл хамгийн арын эгнээнд хөлөө ширээн дээр тавин сууж байсан европ гэмээр царайтай залуу: Хаха, юм шиг байна гэнээ. Өөрийгөө юу хийж байгаагаа мэддэггүй гар шив дээ.
Гэрэлээ: Заза, Тэмүүлэн тэр арын ширээн дээр суу.
Гэж нэгэн хоосон ширээг зааж өглөө. Тэгээд ангийнхаа хүүхдүүдэд хандан: Манай шинэ сурагч та нартай сайн найз болно гэдэгт итгэлтэй байна. Тэрээр монгол улсаас ирсэн бөгөөд одоо 18 настай. Та нар монгол хэлээ сайн сурахын тулд түүнтэй аль болор их зүйл яриж байвал сайн. За одоо хичээлдээ оръё.
Тэмүүлэнд энэ бүхэн их л сонин санагдаж байлаа. Ангид байгаа залуучууд бараг л ихэнхи нь өөрийнх нь үеийнх байх бөгөөд ихэнхи нь монгол биш царайтай байлаа. Мөн ангийн хичээл монгол хэл дээр явагдах бөгөөд багшийн хэлсэнийг монголоор бичих гэж ангийнхан нь буруу зөрүү бичиж харагдлаа. Хичээл нь элдэв төрлийн тарни болон хүчний талаар заах бөгөөд Тэмүүлэнд ойлгох зүйл нэг ч байхгүй байв. Тэмүүлэн хий л хэлсэн бүгдийг нь тэмдэглэж авахыг хичээн бичиж байлаа. Удалгүй хичээл дуусч анги завсарлахаар болов. Тэмүүлэн ангиасаа хэнийг ч танихгүй болохоор суудлаасаа босох гэж яарсангүй ангийнхаа залуусыг харан сууж байв. Гэтэл түүн дээр нэгэн европ царайтай, шаргал үстэй, царайлаг өндөр охин хүрч ирлээ. Өнөөх охин: Сайн уу? Намайг Света гэдэг. Би орос улсаас ирсэн. Хоёулаа танилцъя
Гэж хэлээд гараа сунгалаа. Тэмүүлэн итгэлгүйхэн түүний гарыг атгаад: Намайг Тэмүүлэн гэдэг. Би монгол улсаас ирсэн.
Света: Чи их ичимхий талдаа залуу юмаа. Гар барих хооронд л нүүр чинь улайчихлаа.
Тэмүүлэн: өө, тэгсэн үү?
Света: хэхэ, за ичиж нэрэлхэх хэрэггүй дээ. Хоёулаа сайн найзууд болно шүү. Танай монгол хэл их хэцүү юм. Би сурах гэж их зүдрэж байгаа.
Тэмүүлэн: Чи гэхдээ сайн л ярьж байна шүү дээ.
Света: Аргагүй шүү дээ. Би бүр 2 жил монгол хэлийг сурах гэж чармайж байгаа юм шүү дээ. Гэхдээ л энэ аялагаа ер засаж чадахгүй байгаа юм. Харин англи, франц, герман хэл бол надаа амархан байсан шүү.
Тэмүүлэн: Хөөх, чи бас эдгээр хэлүүдийг мэддэг юм уу?
Света: Тиймээ, би хэл сурах дуртай. Хир их олон хэл сурна төдий чинээ олон сонирхолтой хүмүүстэй найз болж чадна гэж боддог шүү.
Тэднийг ийнхүү ярилъцаж байтал нэгэн залуу хажууд нь ирэн: Сайн уу? Тэмүүлэн. Намайг Мацу гэдэг. Би японоос ирсэн.
Тэмүүлэн өөрийгөө дахин танилцуулаад гар барилаа. Мацу: Чи надаа хэл зааж өг. Би чамд найз болъё.
Света: Мацу монгол хэл сурж эхлээд удаагүй байгаа болохоор сайн ярьж чадахгүй байгаа юм. Чи түүнд сайн туслах хэрэгтэй шүү
Тэмүүлэн: Тэгнээ, би чадахаараа чамд туслана.
Мацу: Би чамд сэлэм урлаг зааж өгнө.
Тэмүүлэн: Сэлэм урлагаа?
Света: Мацу сэлэмээр тулалдах япон урлагаа чамд зааж өгнө гэнээ. Энд түүнийг ирэхэд нь сэлэмийн урлагийг нь сайшааж байсан. Биднийг сүүдрийн хүчтэй тулалдахад түүний энэ сэлэмийн урлаг хэрэг болох зүйл гэж багш хэлсэн.
Тэмүүлэн: Мацу тийм сайн сэлэмээр тулалддаг юм уу?
Света: Түүний аав нь японы якудзагийн толгойлогч. Тэр хар багаасаа сэлэмээр тулалдаж сурсан хүн.
Тэмүүлэн: пөөх, якудза гэнээ? Тэгвэл Мацугийн нуруунд шивээс байгаа хэрэг үү?
Мацу: Тийм байгаа. Чи үзэх үү?
Тэмүүлэн эхний өдрөө л хоёр найзтай боллоо. Орос охин Света их л илэн далангүй ярьдаг нэгэн бөгөөд монголоор их сайн ярьж байв. Харин япон залуу Мацу монголоор муу ярих боловч их ухаалаг сайхан сэтгэлтэй нэгэн байв. Тэр өдрийн хичээл дуусмагц ангийнх нь багш Гэрэлээ ирж Тэмүүлэн өөрийнх дотуур байранд хүргэж өгөв. Тэмүүлэн өрөө ганц хүнийх бөгөөд зурагт, компьютер гээд л хүний хэрэглэдэг бүх л зүйлс өрөөнд нь байв. Түүний шинэ гэр нь өөрийнх нь хуучин байсан гэрээс хамаагүй тансаг эд зүйлсээр дүүрэн байх ажээ. Тэмүүлэн өөрийнхөө шинэ гэрт тун сэтгэл хангалуун байлаа. Тэр яг л диваажинд ирсэн мэт өөрт нь сэтгэгдэл төрүүл байв. Тансаг орон байр, 10000$ цахим карт энэ бүхэн түүнд яг л зүүд мэт санагдах ажээ. Тэмүүлэн компьютераа асааж хүчин чадлыг үзтэл хамгийн сүүлийн үеийнх байх бөгөөд өндөр хурдны интернэттэй байх ажээ. Түүнийг компьютер дээрээ сууж байтал хаалганы хонх дуугарав. Түүнд дээр Света, Мацу хоёр ирсэн байлаа. Света: За шинэ гэр чинь таалагдаж байна уу?
Тэмүүлэн: Тэгэлгүй яахав. Энэ өрөө үнэхээр тансаг юмаа.
Света: Бид хоёр танай монгол орныг үзмээр санагдаад хүрээд ирлээ. Чи бид хоёрт өөрийн хотоо явж үзүүлэхгүй юм уу?
Тэмүүлэн: Бид эндээс зүгээр гараад явж болох юм уу?
Света: хэхэ, бид чинь сурагчид болохоос хоригдолууд биш шүү дээ. Бид Шамбалаас чөлөөтэй гарч орж болно. Гагцхүү шамбалын тухай хэнд ч хэлж болохгүй гэсэн дүрэмтэй байдаг юм. Хэрвээ бид гарч чадахгүй бол яаж 10000$ үрэх юм бэ?
Тэмүүлэн: Нээрээ тэгье. Бүгдээрээ манай хотоор зугаалъя.
Гэж хэлээд тэднийг даган гарлаа. Тэмүүлэнгийн хувьд дотуур байр, сургууль, шамбалаас гарах хаалга бүгд шинэ байсан тул төөрөлдөн хоёр найзаа л дагаж явж байлаа. Тэр гурав явсаар анх гарч ирсэн том байшин руу орлоо. Байшин дотуур хэдэн өрөө дамжин явах бөгөөд нэгэн өрөөнд ирээд хаалганы хажууд байх дэлгэцэн дээрээс монгол улс, Улаанбаатар гэсэн хэсгийг Света сонголоо. Тэмүүлэн: Ингэж сонгодог нь ямар учиртай юм бэ?
Света: Бидний одоо байгаа Шамбал бол дэлхийн бараг бүх улстай холбогдсон байдаг юм. Харин энэ хаалганаас бид аль улс руу очихоо сонгож өгөөд өрөөнд орвол биднийг мэдээ ч үгүй байхад өрөөний шид биднийг телепортлон тухайн улсын доор орших байгууламж руу хүргэж өгдөг юм.
Гэж хэлээд өрөө рүү орлоо. Тэмүүлэнд юу ч мэдрэгдсэнгүй, зүгээр л нэг өрөөнд орж байгаа юм шиг санагдаж байв. Тэд дараагийн өрөөнд орж ирэхэд Тэмүүлэнгийн анх орж ирж байсан цахилгаан шаттай өрөө угтав. Тэмүүлэн орос япон хоёр найзтайгаа дээшээ гарч байхдаа энэ хоёр найздаа яг юу үзүүлэхээ шийдэж ядан явж байлаа. Манай хотод хүнд үзүүлчихээр гоё газар байдаг билүү? Хог шороондоо дарагдсан хэсгүүдээр аль болох явахгүй, хотын төв хавиар л явъя даа гэх мэтийн зүйл бодсоор гадарга дээр гарч ирлээ.

No comments:

Post a Comment